ХДХВ-ийн шинжилгээ

ХДХВ-ийн халдвар нь олон жил нууцаар үргэлжлэх бөгөөд халдвартай хүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй байж болно. ХДХВ-ийн шинжилгээ халдварыг найдвартай илрүүлдэг. Хэрэв ХДХВ-ийн халдвартай бол уг мэдээллийг аль болох хурдан мэдэх хэрэгтэй бөгөөд шинжилгээний хариуг авсан даруй БНЧех Улсын HIV centerбуюуХДХВ-ийн найман төвийн аль нэгт хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай. 

Эрсдэлтэй бэлгийн хавьталд нэг удаа эсвэл давтан орсон тохиолдол бүрийн дараа шинжилгээ өгөх. Санамсаргүй эрсдэлтэй хавьтал (хамгаалалтгүй бэлгийн харьцаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх …) буюу тодорхой эрсдэл бүхий нөхцөл байдалд орсноос хойш гурван сарын дараа шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. Ингэснээр найдвартай хариу арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ. Эрсдэлт нөхцөл байдал давтан үүссэн мөн эрсдэлт тохиолдол болон шинжилгээний хооронд гурван сар хүлээх боломжгүй үед эрсдлийг бууруулахын тулд зургаан сар тутам эсвэл жилд нэгээс доогүй удаа шинжилгээ өгч байх нь зүйтэй. ХДХВ-ийн шинжилгээ нь гурван сарын өмнөх байдлыг мөн илтгэнэ.

Өндөр эрсдэл үүссэн тохиолдолд (жишээ нь: ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, ялангуяа шулуун гэдсээр бэлгийн хавьталд хамгаалалтгүй орох) эрсдэл үүссэнээс хойш 18-22 хоногийн дараа шинжилгээ хийлгэх боломжтой (эсрэг биетээс гадна p24 антиген гэж нэрлэгддэг вирусний бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлдог). Гэсэн хэдий ч сөрөг хариу нь эцсийн биш бөгөөд халдвар аваагүй гэдгийг батлахын тулд эрсдэлт тохиолдлоос хойш 3 сарын дараа дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Эр эмийн харилцаа эхлэх тохиолдолд хоёр тал бие биедээ эрүүл мэндийнхээ талаар мэдэгдэхийг хүсвэл сүүлийн эрсдэлт тохиолдлоос хойш гурван сарын хугацааг харгалзах шаардлагатай. Хоёр талд хоёуланд нь шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.

БНЧУ-д цус, эд эрхтэн, эр бэлгийн эс, өндөг, хөхний сүү хандивлагчид болон бүх жирэмсэн эмэгтэйчүүд ХДХВ-ийн шинжилгээ өгөх үүрэгтэй (хуулиар тогтоосон) байдаг.

Скрининг гэж нэрлэгддэг эсрэг биет тодорхойлох (ангилаар screening гэх) шинжилгээг ХДХВ-ийн халдварын үндсэн шинжилгээнд ашигладаг. Энэ шинжилгээгээр цусны (эсвэл шүлсний) дээжинд ХДХВ-ийн вирусний эсрэг эсрэгбиет мөн p24 антиген (ХДХВ-ийн вирусний доторх молекул) байгаа эсэхийг тодорхойлдог. Шинжилгээг БНЧУ-ын Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрлийн дагуу тус улсын хэд хэдэн лабораторид боловсруулдаг.

Сүүлийн эрсдэлтэй хавьталаас хойш гурван сар өнгөрсний дараа шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан бол хариу нь найдвартай сөрөг байна.

Реактивийн үнэлгээ – анхан шатны лаборатори нь шинжилгээний дээжийг дараагийн шатны Үндэсний лабораторид баталгаажуулахаар илгээдэг бөгөөд дараагийн шатны лаборатори л эерэг үнэлгээг эцэслэн баталгаажуулдаг, өөрөөр хэлбэл Үндэсний лаборатори шинжилгээний хариуг бататган эерэг эсвэл сөрөг гэсэн үнэлгээ гаргана.

Шинжилгээ – венийн цус, хялгасан судасны цус, шүлсний юү?

ХДХВ-ийн шинжилгээг янз бүрийн аргаар хийж болно:

1. Венийн цусны сорил: хамгийн нарийвчлалтай, ихэвчлэн эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийхэд ашигладаг арга. Цус цуглуулсны дараа дээжийг боловсруулалт хийх лабораторид илгээх бол лаборатори хариуг дээж цуглуулах үүрэгтэй хүнд (эмч нар) илгээж, тэд үйлчлүүлэгчид мэдээлдэг. Хугацаа алдах сул талтай бөгөөд хэд хоногийн дараа эмнэлэгт дахин ирж хариу болон холбогдох зөвлөгөө авах шаардлагатай болдог. Энэхүү шинжилгээгээр ХДХВ-ийн (ХДХВ1, ХДХВ2 төрлийн) эсрэгбиемүүд ба p24 эсрэгтөрөгчийг шалгадаг.

2. Хурууны өндөгнөөс цус авч сорил хийх (хялгасан судасны цус): энэ нь анхан шатны ерөнхий тест юм. Цусны дээжийг эмнэлэгт нэн даруй шинжилдэг бөгөөд цусны шинжилгээнд зориулсан шинжилгээний арга хэрэгслийг ашиглан шинжилгээ хийнэ. Энэ төрлийн шинжилгээ нь найдвартай боловч реактив үнэлгээ хийхэд венийн цусны шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Давуу тал нь дээж цуглуулсны дараа хариуг удалгүй мэдээлэх бөгөөд холбоо барих төв, хөдөлгөөнт түргэн тусламжийн машин гэх мэтийг ашиглах боломтой байдаг байна. Уг шинжилгээгээр ХДХВ-ийн (ХДХВ1, ХДХВ2 төрлийн) эсрэгбиетүүдийг шалгадаг бөгөөд зарим төрлийн шинжилгээгээр мөн p24 эсрэгтөрөгч байгаа эсэхийг шинжилдэг.

3. Шүлсний сорил: энэ шинжилгээнд амны хөндийн салст бүрхэвчийг арчдасаар шүлсний дээж авдаг. Авсан дээжийг ихэвчлэн эмнэлэгт нэн даруй шинжилдэг бөгөөд зөвлөх шинжилгээг шүлсний шинжилгээний иж бүрдэл ашиглан хийдэг. Өнөө үеийн шүлсний хурдавчилсан шинжилгээ нь найдвартай боловч реактив үнэлгээ хийхэд венийн цусны шинжилгээгээр баталгаажуулахыг үргэлж шаарддаг. Давуу тал нь цус цуглуулах шаардлагагүй бөгөөд хариу нь хурдан шуурхай гарна. Уг шинжилгээгээр зөвхөн ХДХВ-ийн (ХДХВ1, ХДХВ2 төрлийн) эсрэгбиетүүдийг шинжилж тогтоодог.

Хялгасан судасны цусны дусал эсвэл шүлсний дээжээс авсан шинжилгээг шинжилгээний явцад харах боломжтой түргэвчилсэн сорил гэж нэрлэж болно. Халдварын эхэн үеийн тестийн мэдрэгдэх чанар нь стандарт лабораторийн аргуудаас арай сул байдаг тул халдварын эхэн үед дархлаа судлалын шинжилгээний цонх үе буюу хариу тодорхойгүй байх хугацаа уртасч хугацаа алдах эрсдэлтэй байдаг байна.

4. Өөртөө шинжилгээ хийх (цусны дусал эсвэл шүлсний шинжилгээг өөрөө хийх) боломжтой, гэхдээ оношлуурыг баталгаатай эсэхийг анхаарч шалгах хэрэгтэй. Сул тал нь шинжилгээ хийх үед мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх хүн байдаггүй. Реактивын үед венийн цус авах шаардлагатай болдог.

Шинжилгээний газар бүрт, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхээс өмнө шинжилгээний өмнөх зөвлөгөө авах ёстой. Шинжилгээний дараа мөн хариу олгох үед зөвлөгөө авах ёстой. Зөвлөгөөг бэлтгэгдсэн зөвлөх эсвэл эмч өгдөг.

Шинжилгээг үйлчлүүлэгчийн нэрэн дээр эсвэл нэрийг нууцлан хийнэ.

Шинжилгээ хийлгэсэн үйлчлүүлэгч бүрийн эрсдэлийн тухай мэдээлэл (хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, мансууруулах бодис тариурын хэрэглээ гэх мэт), эрсдэл болон шинжилгээний хооронд өнгөрсөн хугацааг олж мэдэх нь шинжилгээний хариуг зөв гаргахад чухал ач холбогдолтой. Нөхцөл байдлыг хянах зорилгоор шинжилгээнд хамрагдсан хүний нас, хүйс, оршин суугаа аймгийн нэрийг мэдэх нь (нэрээ нууцалсан шинжилгээнд ч) чухал юм. Зөвлөх нь шинжилгээний хариуг мэдэгдэх аргын талаар мөн мэдээлнэ.

ХДХВ-ийн вирусний эсрэгбиетийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө өгч, үйлчлүүлэгчийг Бүгд Найрамдах Чех Улсын HIV center -ХДХВ -ийн найман төвийн аль нэгд эмчлүүлэхийг зөвлөдөг. ХДХВ-ийн төвүүдийн эмч нарын зааврыг дагаж мөрдөх нь ХДХВ-ийн халдварыг аль болох сайн даван туулах, халдвартай өвчтөний амьдралын чанарыг мэдэгдэхүйц сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.prevencehiv.cz вебсайтнаас харна уу.

ХДХВ-ийн шинжилгээг хаанаас авах вэ

Тухайн хүнд зориулсан мэдээлэл, ХДХВ-ийн шинжилгээний хариутай танилцах